Түр хүлээнэ үү

Газрын зургийг ойртуулна уу

Харилцаа холбооны
зохицуулах
хороо

Хууль тогтоомж

Харилцаа холбооны тухай хууль


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Харилцаа холбооны тухай хууль тогтоомж 2.1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 3.1.1."шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг болон бусад зүйлсийн цогцолборыг;

 3.1.2."сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг;

 3.1.3."ашиглалт" гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагааг;

 3.1.4."үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;

 3.1.5. “үйлчлэгч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/

 3.1.6. "хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

 3.1.7. “зааглах цэг" гэж үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэгийг;

 3.1.8."бүх нийтийн үйлчилгээний үүрэг" гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэхийг;

/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

 3.1.9.“бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” гэж бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгийг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 3.1.10."харилцаа холбоо" гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 3.1.11.“цахилгаан холбооны үйлчилгээ” гэж цахилгаан холбооны сүлжээг ашиглан бүх төрлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 3.1.12. “дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.

 /Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.13.“дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Харилцаа холбооны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

 4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

 4.1.Улсын Их Хурал харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно.

5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 5.1.1.харилцаа холбооны талаар баримтлах төрийн бодлого хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

 5.1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах;

 5.1.3.бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах.

 6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.1. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.1.1.харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

 6.1.2.харилцаа холбооны талаар баримтлах бодлого боловсруулах;

 6.1.3.харилцаа холбооны зах зээлд өрсөлдөөн бий болгох бодлого боловсруулах;

 6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах;

 6.1.5.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;

 6.1.6.бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 6.1.7.харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтанд хяналт тавих;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 6.1.8.харилцаа холбооны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

6.1.9.төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 6.1.10.төрийн өмчийн үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх, холбогдох тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 6.1.11.төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 6.1.12.бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 6.1.13.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

 6.1.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

6.2. Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхдөө эрх бүхий байгууллага нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 7 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх  

7.1.Бүх шатны Засаг дарга харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 7.1.1.нутаг дэвсгэртээ харилцаа холбооны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

7.1.2. аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 7.1.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээнд гарсан осол, гэмтлийг арилгах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 7.1.4.радио, телевизийн болон харилцаа холбооны бусад сүлжээ байгуулж, ашиглах санаачлагыг дэмжих, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 7.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 8 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хороо  

8.1.Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2.Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ.

8.3.Зохицуулах хорооны дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4. Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Зохицуулах хорооны гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилно.

8.5. Зохицуулах хорооны даргыг нэг удаа улируулан томилж болно.

8.6. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны дарга, гишүүнээр томилно:

 8.6.1.эдийн засаг, мэдээлэл холбоо, техник, хууль зүй, удирдлагын дээд боловсролтой, өндөр мэргэжил, ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;

 8.6.2. Зохицуулах хорооны дарга, гишүүн нь үйлчлэгчийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэмшигч, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд байж болохгүй.

 8.7.Зохицуулах хорооны дарга, гишүүд харилцаа холбооны улсын байцаагчийн эрхтэй байна.

 8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байна.

8.9.Зохицуулах хороо нь орон нутагт орон тооны бус гишүүдээс бүрдэх салбар зөвлөлтэй байж болно.

 8.10.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ.

 8.11.Зохицуулах хорооны жилийн төсвийг Засгийн газар батална. Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана.

 8.12.Зохицуулах хороо нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэлнэ.

8.13.Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх  

 9.1.Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 9.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

 9.1.2.харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах;

 /Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 9.1.3.харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах;

 9.1.4.сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах;

 9.1.5.харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах;

 9.1.6.харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх;

 9.1.7.бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах;

 9.1.8.харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 9.1.9.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

 9.1.10.радио давтамжийн зурвасыг хуваарилах, хяналт тавих;

 9.1.11.энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох;

 9.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

9.1.13.дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 9.1.14. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 10 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон/ ГУРАВДУГААР БҮЛЭГ Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан  11 дүгээр зүйл. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан  

 11.1.Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

 11.2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 11.2.1. хандив, зээл, тусламжийн хөрөнгө;

 11.2.2. бусад хөрөнгө.

 


 11.3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг зөвхөн энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулна. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Тусгай зөвшөөрөл  

12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл  

 12.1.Зохицуулах хороо Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:

 12.1.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан үйлчилгээ эрхлэх;

/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/

 12.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

12.1.3./Энэ заалтыг 2003 оны 05 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

12.2.Тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.

 12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт зааснаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 13.1.Иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан баримт бичгийн хамт Зохицуулах хороонд ирүүлнэ.

 13.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хууль тогтоомжид зааснаас гадна дараахь бичиг баримтыг хавсаргана:

 13.2.1.санхүү-эдийн засаг, техникийн чадавхи болон мэргэжлийн боловсон хүчний хангалтын талаархи тооцоо, мэдээлэл;

 13.2.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаархи мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/.

 14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах  

 14.1.Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд дараахь зүйлийг тусгана:

 14.1.1.үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж;

 14.1.2.холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт;

 14.1.3. онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

 14.1.4. харилцан холболт хийх нөхцөл;

 14.1.5. Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг;

 14.1.6. бусад .

 14.2.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

 14.2.1.өргөдөл гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй;

 14.2.2.өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчин, техникийн иж бүрдлээр хангагдаагүй;

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 14.2.3. нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн.

 14.3. Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.

 15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

 15.1.Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

 15.1.1.харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

 15.1.2.харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан;

 15.1.3.тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй;  15.1.4. хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан.  15.2.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.

 15.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

 


ТАВДУГААР БҮЛЭГ  
 Харилцаа холбооны сүлжээ

16 дугаар зүйл.Харилцаа холбооны сүлжээний төрөл  

16.1.Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.

16.2.Харилцаа холбооны сүлжээг зориулалтаар нь нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэж ангилна.

17 дугаар зүйл. Цахилгаан холбооны сүлжээ  

17.1.Хэрэглэгчийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ.

17.2.Улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бүрдсэн, нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ гэнэ. Үндсэн сүлжээ нь төрийн өмчлөлд байж болно.

17.3.Цахилгаан холбооны сүлжээ эзэмшигч нь техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгүй ажиллагаатай байхаар сүлжээг зохион байгуулна.

17.4.Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн байгуулж, өмчилж болно.

 18 дугаар зүйл. Шуудангийн сүлжээ

18.1. Шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  19 дүгээр зүйл. Радио, телевизийн сүлжээ  

19.1.Радио, телевизийн сүлжээ нь радио болон телевизийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээс бүрдэнэ.

19.2.Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.

 20 дугаар зүйл. Тусгай хэрэглээний холбооны сүлжээ 20.1.Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэний хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулан ажиллуулж болно.

20.2.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ төрийн хамгаалалтад байна.

20.3.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ байгуулах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно.

20.4.Тусгай хэрэглээний холбооны сүлжээнд цахилгаан холбооны суваг, тоног төхөөрөмжийг үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.

20.5.Харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах тусгай хэрэглээний холбооны мэдээллийн нууцлалт, хамгаалалтыг энэ хуулийн 20.1-д заасан байгууллага хариуцна.

 21 дүгээр зүйл. Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ  

21.1.Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно.

21.2.Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дотоодын хэрэглээний холбооны сүлжээг цахилгаан холбооны сүлжээнд холбож үйлчилгээ явуулж болно.

 22 дугаар зүйл. Харилцаа холбооны сүлжээнд холболт хийх  

22.1.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.

22.2.Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана.

22.3.Сүлжээний зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно.

23 дугаар зүйл. Холбооны сүлжээг дайчлан ажиллуулах 23.1.Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна.

 


  ЗУРГАДУГААР БҮЛЭГ Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх үүрэг

24 дүгээр зүйл.Үйлчлэгч, хэрэглэгчийн хүлээх хариуцлага

24.1.Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна.

25 дугаар зүйл. Үйлчлэгчийн эрх, үүрэг 25.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй байна:  

 25.1.1.харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтоох;

 25.1.2.хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах;

 25.1.3.гэрээнд заасан бусад эрх.

25.2.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:

 25.2.1.тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах;

 25.2.2.харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөх;

 25.2.3.харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

 25.2.4.харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;

 25.2.5.энэ хуулийн 23.1-д заасан нөхцөл байдал тохиолдсон үед холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу саадгүй хэрэглүүлэх;

 25.2.6.хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх;

 25.2.7.зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;

25.2.8.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.2.9.хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 25.2.10.хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 25.3.Үйлчлэгч байгууллагын эрх бүхий ажилтан нь төрийн тусгай хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа холбооны шугам, сүлжээнд засвар, үйлчилгээ хийхээр саадгүй нэвтэрнэ.

 25.4. /Энэ хэсгийг 2003 оны 05 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

 26 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг  26.1.Хэрэглэгч дараахь эрхтэй байна:

 26.1.1.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан, баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах;

 26.1.2.харилцаа холбооны сүлжээнд гарсан гэмтлийг арилгахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;

 26.1.3.энэ хуулийн 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 26.1.4.гэрээнд заасан бусад эрх.

 26.2. Хэрэглэгч дараахь үүрэгтэй байна:

 26.2.1.өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх;

 26.2.2.харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

 26.2.3.үйлчлэгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг хангаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах;

 26.2.4.гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

ДОЛДУГААР БҮЛЭГ Харилцаа холбооны сүлжээг хамгаалах  27 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг үүрэг  

27.1.Харилцаа холбооны сүлжээг хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

 27.1.1.инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;

 27.1.2./Энэ хэсгийг 2003 оны 05 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

 27.1.3./Энэ хэсгийг 2003 оны 05 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

 28 дугаар зүйл. Зурвас газар  28.1.Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:

 28.1.1.агаарын баганат шугамаас тал бүртээ 10 метр;

 28.1.2.кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;

 28.1.3.радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станцаас тал бүртээ ЗОО метр голчтой;

 28.1.4.радио, телевизийн нэвтрүүлэх станцын болон долгион үүсгэх тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ.

 28.2.Харилцаа холбооны сүлжээ байрлаж байгаа хамгаалалтын зурвас газартай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

 29 дүгээр зүйл. Зурвас газарт тавих хяналт  29.1.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна.

 29.2.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина.

 29.3.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 29.3.1.барилга, гэр, хашаа барих, мод тарих;

 29.3.2.кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгах;

 29.3.3.зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарах.

 29.4.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэх бол үйлчлэгчээс урьдчилан зөвшөөрөл авна.

 29.5.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх, засан тохижуулах арга хэмжээг өөрийн зардлаар, хариуцан хэрэгжүүлнэ.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ Хяналт, хариуцлага

 30 дугаар зүйл. Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлчилгээнд тавих хяналт

 30.1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд улсын байцаагч хяналт тавина.

30.2.Улсын байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 30.2.1.харилцаа холбооны болон радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах;

 30.2.2.харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлд мөрдвөл зохих технологийн горим, тогтоосон стандарт, техникийн нөхцөл болон энэ хуульд заасан бусад шаардлагын биелэлтийг шалгах;

 30.2.3.тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох.

 31 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх  

31.1.Зохицуулах хороо, салбар зөвлөл нь өөрийн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.

31.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэснийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

 32 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 32.1.Харилцаа холбооны тухай хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол харилцаа холбооны улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

 32.1.1.нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, гэмтээсэн иргэнийг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

 32.1.2.барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, зөөсөн, мөн үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, ашиглалтгүй болгосон иргэн, албан тушаалтныг 25000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

 32.1.3.харилцаа холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгсэл зэргийг унагасан, эвдэж устгасан, тэдгээрийн бичээсийг арилгасан, кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, бусад зүйлээр бохирдуулсан иргэнийг 3000-10000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох;

 32.1.4.тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, түүгээр дамжуулж байгаа мэдээллийг авсан, харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ эрхэлсэн бол үйл ажиллагааг нь зогсоож, гэм буруутай иргэнийг 10000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

 32.1.5.энэ хуулийн 29.3, 29.4-ийг зөрчсөн иргэнийг 5000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

 32.1.6. энэ хуулийн 25.2.6-г зөрчсөн иргэн, албан тушаалтныг 5000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 32.1.7. энэ хуулийн 25.2.2, 25.2.3-ыг зөрчсөн иргэнийг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох.

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 33 дугаар зүйл. Хохирол нөхөн төлүүлэх

 33.1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ..

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР