Засгийн газрын 2007 оны 200 дугаар
тогтоолын хавсралт
БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад бүсчлэлийн кодыг нэвтрүүлж, хэрэглэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Бүсчлэлийн кодыг олгох, мэдээллийн сан байгуулж эрхлэх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцна.
1.3. Энэхүү журмын хэрэгжилтэд тавих хяналтыг шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Хоёр. Нэр томъёо
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. "Бүсчлэлийн код (зип код*)" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй 5 оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг;
2.2. "Мэдээллийн сан" гэж бүсчлэлийн код, түүнтэй хамт хэрэглэгдэх шуудангийн хаягийн бусад бичвэр, байршлын зураглалыг багтаасан өгөгдлүүдийг цаашид өргөтгөх боломжтойгоор үүсгэсэн баазыг;
2.3. "Хаягийн бүс" гэж зорчих хэсэг буюу авто замаар тусгаарлагдсан үл хөдлөх объектод хамрагдах байгууллага, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил суурин хэсгийг;
______________________
*Зип код (zip Zone improvment plan). Олон улсад шуудангийн
хаягийн хүргэлтэд хэрэглэдэг нэр томъёо
Гурав. Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх
3.1.Бүсчлэлийн кодыг дараахь төрлийн үйлчилгээнд нэвтрүүлнэ:
3.1.1. шуудангийн үйлчилгээ;
3.1.2. бүх төрлийн лавлах үйлчилгээ;
3.1.3. дуудлагын үйлчилгээ;
3.1.4. бүртгэлийн үйлчилгээ;
3.1.5. даатгалын үйлчилгээ;
3.1.6. татварын үйлчилгээ;
3.1.7. мэдээллийн үйлчилгээ;
3.1.8. бүх төрлийн захиалгат үйлчилгээ;
3.1.9. бусад.
3.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байлгах бололцоог бүрдүүлж түүний аюулгүй байдлыг хариуцна.
3.3. Энэхүү журмын 3.1-д заасан үйлчилгээ явуулдаг байгууллагуудад бүсчлэлийн кодыг нэвтрүүлж хэрэглэхтэй холбоотой сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулна.
Дөрөв. Бүсчлэлийн кодыг хэрэглэх
4.1. Бүсчлэлийн кодыг зип гэсэн товчилсон үгээр дор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:
4.1.1. шуудангийн илгээмжийн хаягийн бичилт;
4.1.2. бүртгэл, төлбөр тооцооны маягт;
4.1.3. банкны баримт бичигт;
4.1.4. дээрхтэй адилтгах бусад баримт бичгүүдэд.
4.2. Энэхүү журмын 4.1-д заасан баримт бичигт зип гэсэн бичвэр бүхий бичилтийн зайг тусгайлан зааж өгнө.
4.3. Хэрэглэгч нь зип кодыг тусгайлан заасан зайн дээр цэвэр, гаргацтай бичнэ.
4.4. Зип код нь хаягийн бүс дотор дахин давтагдахгүй байна.
4.5. Харилцаа холбооны зохицуулах хороо нь аж ахуйн нэгж, байгууллагад шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо тэдгээрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хяналт тавих зорилгоор өргөтгөл кодыг нэмж оноож болно.
4.6. Шуудангийн ялгалт, хүргэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, автомат ялгагч машин унших боломж бүрдүүлэх зорилгоор зип кодыг шуудангийн ил захидал болон дугтуйн дээр бичих стандарт гарган мөрдөж болно.
4.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй хуулийн этгээд болон иргэдэд зип кодын талаархи шаардлагатай лавлагааг шуудангийн байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгнө.
Тав. Бүсчлэлийн кодод өөрчлөлт оруулах
5.1. Хот, суурин газрыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр хаягийн бүс үүсэх, хот, суурин газрын дотор шинэ хороолол, хотхон бий болох тохиолдолд зип кодыг хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдээллийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо онооно.
5.2. Шаардлагатай тохиолдолд зип кодыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагатай хамтран судалж шийдвэрлэнэ.